Та юу хайж байна?

Уул уурхайн бирж гэж юу вэ?

“Бирж” гэж барааны, бүтээгдэхүүний болон хөрөнгийн арилжаа хийгддэг газрыг нэрлэдэг. Биржээр арилжаалах бараа, бүтээгдэхүүний төрөл, түүний онцлогоос хамааран хөрөнгийн бирж, уул уурхайн бирж болон хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний бирж гэж ангилдаг.

 

Бирж нь, худалдагч, худалдан авагчдын хоорондын арилжааг зохион байгуулдаг төвлөрсөн зуучлалын байгууллага юм. Биржээр арилжаалах бараа, бүтээгдэхүүний худалдааг дуудлага хэлбэрээр зохион байгуулдаг. Биржийн арилжаанд бараа, бүтээгдэхүүн ихэвчлэн их хэмжээгээр худалдаалагддаг.

 

Уул уурхайн бүтээгдэхүүнд үнэт металл (алт, мөнгө) өнгөт металл (зэс, цайр, хөнгөн цагаан, хар ба цагаан тугалга, никель) хар металл (төмөр), нүүрс, жонш, молибден болон гянтболд зэрэг бүтээгдэхүүн ордог.

 

Бирж нь зөвхөн бараа, бүтээгдэхүүний арилжаа явуулахаас гадна үйлдвэрлэгч хэрэглэгчдийн үйлдвэрлэл хэрэглээ, санхүү, зах зээлийн бодит мэдээллийн урсгалаар холбож өгдөг. Зах, яармаг, үзэсгэлэн худалдаа зэргээс биржийн онцлог давуу тал нь эрэлт, нийлүүлэлтийг түргэн хугацаанд харилцан уулзуулж, гэрээ хэлцэл байгуулах явцыг түргэтгэж, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, бараа, бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханш, үнийн хандлагыг бодитойгоор тогтоох, хамгийн хялбар үр ашигтай аргаар мэдээллийг хүлээн авагч түгээх үндсэн дээр зах зээлийн бодит мэдээллээр үйлдвэрлэгч болон хэрэглэгчийг хангадаг.

 

Бараа, бүтээгдэхүүний биржийг энгийнээр тодорхойлбол худалдаа, арилжааны гэрээ хэлцэл төвлөрч явагддаг төв гэж хэлдэг.  Олон улсын томоохон бараа бүтээгдэхүүний биржүүдийн дотор арилжаа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэлэлцэл болон хэрэглэгчийнхээ тоогоор “уул уурхайн бирж” нь томоохон байр суурийг эзэлж байна.

Дэлхийн тэргүүлэх топ 5 уул уурхайн бүтээгдэхүүний биржүүд:

1. LME – Лондонгийн металлын бирж

2. CBOT – Чикагогийн барааны бирж

3. NYBOT- Нью-Иоркийн металлын бирж

4. SHFE - Шанхайн металлын фьючерийн бирж

5. ASX – Австралийн барааны фьючерийн бирж

 

Биржийг арилжааны хэлбэрээр нь бэлэн бараа, бүтээгдэхүүний буюу спот арилжаа (spot or cash exchange) болон гэрээний арилжаа гэж ангилдаг.

 

Спот арилжаа “Spot contract”:

 

Биржээс тогтоосон стандарт, техникийн нөхцлийн үндсэн дээр арилжаа хийгддэг. Биржийн арилжаагаар ихэвчлэн чанарын стандартыг хангасан барааг арилжаалдаг. Бэлэн бараа, бүтээгдэхүүний арилжаа хийж байгаа тохиолдолд дараах байдлаар арилжаа хийдэг. Үүнд:

Стандарт, чанарын шаардлагын дагуу хариуцлагатай арилжаа хийдэг.

Харилцан итгэлцэл тогтсон байдаг учраас бараагаа урьдчилан үзэх, харах, шалгах шаардлагагүй болно;

Барааны дээж, загвартай танилцсаны үндсэн дээр арилжаа хийх;

Барааг урьдчилан үзсэний үндсэн дээр арилжаа хийх;

Бэлэн бараа, бүтээгдэхүүний хийж байгаа үед дараах нөхцлийг хангасан байна. Үүнд:

Бараа биржийн “итгэмжлэгдсэн агуулах”-д хадгалагдаж байх;

Үйлдвэрлэгч эсвэл худалдагчийн агуулахад хадгалагдаж байх;

Бараа биржийн хаягаар замд явж байгаа;

 

Биржийн арилжаанд оролцож, бэлэн бүтээгдэхүүний арилжаа хийх үед худалдагч Тал нь биржийн зөвшөөрөл олгосон “итгэмжлэгдсэн агуулах”-д бэлэн бараагаа арилжаа эхлэхээс тодорхой хугацааны өмнө хүлээлгэн өгч, тус агуулахаас барааны чанар, тоо хэмжээний батламжийг авч, арилжааны өмнө брокерийн пүүст өгсөн байх шаардлагатай.

 

Гэрээний арилжаа нь тодорхой хугацааны дараа ирээдүйд нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний арилжаа (forward or shipment exchange), барааг нэг загварын стандарт гэрээгээр ирээдүйд арилжих арилжаа (futures exchange) болон цахим арилжаа, опцион (Option) гэсэн хэлбэртэй байдаг.

 

Форвард арилжаа Forward contract:

 

Бэлэн бараа, бүтээгдэхүүнээр арилжаа хийж, тогтсон бизнесийн харилцагчтай болсны дараагаар харилцан итгэлцэл үүсдэг. Энэ үед форвард гэрээ хийх нөхцөл бүрддэг. Форвард гэрээ хэлцэл хийх тохиолдолд дараах байдлаар арилжаа хийдэг. Үүнд:

Харилцагчийн тогтоосон стандартыг үндэслэн арилжаа хийх;

Өмнөх саруудад эсвэл тухайн жилүүдэд нийлүүлж байсан бараа, бүтээгдэхүүний тодорхойлолт, худалдан авсан хэмжээ, хэрэгцээг үндэслэн арилжаа хийх;

Биржийн баталгааг үндэслэн арилжаа хийх;

 

Форвардын арилжаа хийж байгаа үед гэрээнд заасан тоо хэмжээ, чанар стандартыг хангасан бараа, бүтээгдэхүүнийг гэрээгээр тохирсон хугацаанд багтаан биржийн итгэмжлэгдсэн агуулахад нийлүүлнэ. Биржийн агуулах барааг шалгаж хүлээж, авсны дараагаар баталгаат гэрчилгээг худалдагчид олгоно. Худалдагч уг баталгааг өөрийн брокерийн пүүст хугацаанд нь өгч арилжаанд оруулдаг.

 

Биржийн арилжаанд оролцож форвардын арилжаа хийх үед худалдагч, худалдан авагч Талууд төлбөрийн бүрэн чадвартай байх, гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан биелүүлэх баталгаа болгож тодорхой хэмжээний дэнчин төлбөр тавина. Хэрэв форвардын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хагас дутуу биелүүлсэн тохиолдолд эрсдлийг үүрэх чадвартай байх шаардлагатай. Агуулахад бараа, бүтээгдэхүүнээ байршуулж байгаа бол дэнчин бага байх бөгөөд агуулахад бараа, бүтээгдэхүүн нь байршаагүй, харин өмнөх саруудын худалдан авалтын хэмжээ, гэрээг үндсэн арилжаа хийж байгаа бол дэнчингийн хэмжээ өндөр байна.

 

Бараа, бүтээгдэхүүний бирж дээр стандартын гэрээ хэлцлүүд болох фьючерийн болон опционы арилжаа мөн явагддаг. Бирж дээр худалдан авагч бараа, бүтээгдэхүүний бэлэн хэлбэрээр бус тухайн бараа, бүтээгдэхүүнийг эзэмших эрхтэй опционы гэрээ хэлбэрээр худалдаж авна. Опцион гэрээнд барааг худалдан авагчдад хүргэж өгөх хугацаа, барааны стандарт шаардлага, тухайн барааг худалдан авахаар тохиролцсон үнэ тодорхой тусгадаг.

 

Эх сурвалж: Монголын экспорлогчдын холбоо. Монгол улсад уул уурхайн бирж байгуулах боломж: судалгааны тайлан. 2013.

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Байгалийн баялгийн тунхаг

09 САРЫН 05

Уул уурхайн бирж гэж юу вэ?

05 САРЫН 26

Outotec Нүүрсний технологи

08 САРЫН 01

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.