Та юу хайж байна?

Баялгийн засаглал, менежмент: Норвеги улсын туршлага

Норвеги бол 5.0 сая гаруй хүн амтай улс юм. 2012 оны байдлаар тус орны ДНБ-ний 26 хувь, экспортын 50 хувийг нефтийн үйлдвэрлэл эзэлж байсан. Норвеги нь эдийн засгийн өсөлтийн хүртээмжтэй байдлыг дээд зэргээр хангасан, улс төрийн эдийн засаг бүхий нийгмийн ардчиллаараа сайн танигдсан орон юм. Норвегийн нутаг дэвсгэр дэх газрын тосны үйлдвэрлэл нь дөч гаруй жилийн хугацаанд эдийн засагт томоохон нөлөө үзүүлжээ.

 

Бусад хөгжингүй орнуудтай адилаар Норвегийн үйлчилгээний салбарын эзлэх хувь харьцангуй өндөр. Үүнд бөөний болон жижиглэн худалдаа, банк санхүү, даатгал, инженерчлэл, тээвэр, харилцаа холбоо, нийтийн үйлчилгээ зэрэг орно. 2012 онд үйлчилгээний салбар ДНБ-ийн 59 хувь, аж үйлдвэрийн салбар бараг 8 хувь байжээ.

 

Норвегийн эдийн засгийн өсөлтийн хүртээмжит байдал өндөр түвшид хангагдсан нь тухайн улсын улс төр эдийн засаг, нийгмийн ардчиллын үр дүн гэж хүлээн зөвшөөрдөг. Үүнийг Хүний Хөгжлийн Индексээрээ дэдхийд нэгдүгээр байранд жагсдгаас харж болно. 2013 онд нэг хүнд ногдох ДНБ нь 64,000 ам.доллар, 2003-2012 онд Жини коэффициент бага 25.8 байсан нь орлогын тэгш байдлаараа дэлхийн хамгийн сайн орнуудын нэг болохыг илтгэж байна. 2004-2013 онд ажилгүйдлийн түвшин 3.1 хувь; орлогын бус тэгш байдлын бүхий л үзүүлэлтээрээ Норвеги өндөр үнэлгээ авдаг.

 

Энэ улс нь дэлхий дээр хамгийн нэр хүндтэй, хамгийн том хэмжээний баялгийн сан болох Засгийн газрын тэтгэврийн санг байгуулсан. Энэхүү санд одоогийн байдлаар 850 тэрбум ам.долларын хөрөнгө байна. Энэ бол засгийн газрын зардлыг санхүүжүүлэх чухал эх үүсвэр болдог. Тус сангийн хүлээгдэж буй бодит өгөөжийн түвшинд нийцүүлэн нефтийн орлогыг зарцуулах зорилго бүхий “Төсвийн бодлогын удирдамж”-д тусгагдсан гүйлгээг энэхүү сангаас санхүүжүүлдэг. Энэхүү удирдамжинд зааснаар Сангийн яамны эрх мэдлийн хүрээнд Norge Bank (Төв банк) нь тус сангийн менежментийг хариуцаж ажиллах бөгөөд сангийн удирдлага ба ашиглалтын дэг журмыг мөрдлөг болгодог. Энэ сан нь хөрөнгө оруулалтын хатуу тогтсон дүрэм журам, өмчийн болон тогтмол орлогын жишиг индекс хэлбэрээр хөрөнгийн менежментийн удирдамжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. 

 

Газрын тосны санг байгуулах санаа анх 1983 онд төрсөн гэдэг. Засгийн газрын газрын тосны сантай холбогдох хуулийг 1990 онд баталсан байна. Анхандаа, засгийн газрын газрын тосны орлогыг сан руу хуваарилж байсан боловч газрын тосны бус төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр төсөвт буцаан төвлөрүүлжээ. Харин 1990-ээд оноос эхлэн Норвегийн эдийн засаг сайжирсантай холбоотойгоор 1996 онд анх цэвэр хэмжээгээрээ Санд хуваарилагдаж чадсан. Цаашид тус сан нь Засгийн газрын тэтгэврийн сан нэртэй болж (Засгийн газрын тэтгэврийн глобал сан (ЗГТСГ), Засгийн газрын тэтгэврийн Норвегийн сан (ЗГТНС) зэрэг хоёр сангаас бүрдэнэ), 2013 оны эцэс гэхэд 5,206 тэрбум Норвеги крон буюу 843 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан.

 

Засгийн газрын зардлыг санхүүжүүлэхэд Засгийн газрын тэтгэврийн сан (ЗГТС) чухал эх үүсвэр болдог. 2014 оны төсөвт газрын тосны бус алдагдлыг санхүүжүүлэхэд ЗГТГС-аас 139 тэрбум Норвеги крон (22.5 тэрбум ам.дол)-ыг зарцуулахаар төлөвлөсөн, энэ нь засгийн газрын төсвийн нийт зардлын 10 хувийг эзэлнэ. 2020 онд тэтгэврийн эрэлт нэмэгдэхтэй холбогдоод энэ хувь хэмжээг 15-д хүргэнэ гэсэн Сангийн яамны урьдчилсан тооцоо гарчээ.

 

Тус сангаас хийгдэх аливаа гүйлгээг Төсвийн бодлогын удирдамжаар тодорхойлох бөгөөд тус удирдамжинд Сангийн хүлээгдэж буй бодит орлого болох 4 хувьд тохируулан тодорхой цаг хугацаанд газрын тосны орлогыг зарцуулж байхыг заасан байна. Хэмжээний хувьд цаашид улам ихээр өргөжин тэлэх энэхүү сангийн удирдлага ба ашиглалтын сахилга батыг хангуулах зорилгоор тус удирдамжийг 2001 онд баталсан. Газрын тосны орлогын болоод ЗГТГС-ийн менежмент өндөр түвшинд ил тод байдлаар явагддаг. Сангийн яамны бүрэн эрхийн хүрээнд тус санг Норвегийн төв банкнаас удирдан зохион байгуулдаг. Хөрөнгө оруулалтын хатуу чанд дүрэм журмын хүрээнд тухайлбал тодорхой нэг салбарт хөрөнгө оруулах хувь хэмжээг баримтлах зэргээр үйл ажиллагаагаа явуулдаг (жишээ нь үл хөдлөхийн салбарт хийх хөрөнгө оруулалт 5 хувиас хэтрэхгүй). Өмч болон тогтмол орлогын жишиг индекс хэлбэрээр хөрөнгийн менежментийн тогтолцоог тодорхойлно.

 

ЗГТГС-ийн удирдлага мөн засаглалын тодорхой бүтцэд суурилдаг бөгөөд үүнд Парламент, Сангийн яам, Төв банкны төлөөлөн удирдах зөвлөл, гадаад дотоодын хөрөнгийн менежерүүд тус бүр өөр өөр үүрэг, хариуцлага хүлээн оролцдог. Эрх болон үүргийн хуваарилалтыг дээрээс доош чиглэлтэйгээр төлөөлүүлэн гүйцэтгүүлэх бөгөөд үр дүнгийн тайлагналтыг доороос дээш чиглэлтэйгээр гүйцэтгэнэ. Тиймээс менежментийн үйл ажиллагаа нь сангийн менежментийн сахилга батыг хангуулах тал талын чанд хяналт бүхий систем болж чаддаг.

 

Төсвийн тогтвортой байдлыг хангуулж буй макро эдийн засгийн зөв менежмент, түүнчлэн урьдчилан харж тооцоолох боломж, ил тод байдал нь Норвегийн чухал онцлог юм. Түүнчлэн тал талын хяналтын системийн оновчтой бүтцийг бий болгож өгснөөр тус улсын байгалийн нөөцийн менежментийг зүй зохистой хэрэгжүүлэх боломжоор хангасан юм. Төсвөөс гадуурх зардал болон засгийн газрын үрлэгэн байдлаас сэргийлж орлогын менежментийн тусгай дүрэм журам, жишгийг ашиглаж байгаа нь энэхүү тогтолцооны бас нэг чухал онцлог юм.

 

Хамгийн гол анхаарахуйц сургамж бол эцэстээ шавхагдаж дуусах газрын тос, байгалийн хий зэрэг нөхөн сэргээгдэхгүй нөөцийн олборлолтоос олсон орлогоо одоо үе болон ирээдүй хойч үедээ ч үр шимийг тогтвортой хүртэх боломж бүхий капитал хөрөнгө (хөрөнгө оруулалт) болгосонд оршино. ЗГТС-ийн зардлыг орлоготой нь харьцуулан хянадаг механизмын ачаар энэхүү үе дамжсан өмч хөрөнгийг баталгаажуулж чадсан. Харин засгийн газар нь бий болсон орлогын эх үүсвэрээр хүртээмж, оролцоог хангасан, төсвийн алдагдал гаргахгүйгээр үйлчилгээ үзүүлэхэд зарцуулдаг.

 

Эх сурвалж:  "Судалгааны тайлан 3- Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь: Байгалийн нөөц баялаг ихтэй улс орнуудын тэргүүн туршлага" 2015 

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

Нүүрсний салбарын улсын төсөвт эзлэх байр суурь

02 САРЫН 10

Уул уурхай ба орон нутгийн эдийн засгийн хөгжил: Гана улсын туршлагаас

05 САРЫН 17

Баялгийн засаглал, менежмент: Чили улсын туршлага

05 САРЫН 14

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.