Та юу хайж байна?

"Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга"-ын зарчим, шалгуурууд, ач холбогдол

ОҮИТБС-ын Зарчмууд:

ОҮИТБС-ын Зарчмуудыг 2003 оны 6 дугаар сард Лондонд болсон ОҮИТБС-ын анхдугаар бага хурлаар хэлэлцэн тохирсон юм. Улс орнууд, компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын янз бүрийн бүлгүүдийн зүгээс олборлох салбар дахь төлбөр, орлогуудын ил тод байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн зарчмуудын мэдэгдлийг зөвшөөрсөн билээ. Эдгээрийг ОҮИТБС-ын Зарчмууд гэх болсон бөгөөд уг санаачилгын тулгын чулуу юм.

1. Байгалийн нөөц баялагийг ухаалаг ашиглах нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангах нэг чухал хөшүүрэг хэдий ч, зохистой удирдаж эс чадваас нийгэм, эдийн засгийн олон сөрөг үр дагаварт хүргэнэ.

2. Байгалийн нөөц баялгийг Иргэдийнхээ тусын тулд  ашиглах асуудал тусгаар тогтносон улсын Засгийн газар анхаарлын төвд ямагт байх, үндэсний хөгжлийн эрх ашигт байнга нийцүүлнэ.

3. Нөөц баялагийг олборлосны үр шим нь олон жилийн туршид хуримтлагдах орлогын урсгалаар бий болох бөгөөд үнээс өндөр хамааралтай байна.

4. Засгийн газрын орлого, зарлагын талаар иргэд мэдээлэлтэй байх нь олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, хөгжлийн зохистой, бодитой хувилбар сонгоход тустай.

5. Төрийн санхүүгийн удирдлага, хариуцлагатай байдлыг сайжруулахад засгийн газар, олборлох үйлдвэрлэлийн компаниудын ил тод байдал чухал үүрэгтэй.

6. Ил тод байдлыг илүүтэй хангах үйл явц нь гэрээ, эрхийг хүндэтгэх хүрээнд хэрэгжих ёстой.

7. Санхүүгийн ил тод байдал дээшилснээр дотоод, гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчин сайжирна.

8. Улсын төсвийн орлого, зарлагыг зохицуулах талаар засгийн газар иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээх зарчим.

9. Нийгмийн амьдрал,төрийн болон бизнесийн үйл ажиллагаанд ил тод байдал, хариуцлагын өндөр шаардлагыг нэвтрүүлэх.

10. Төлбөр, орлогыг ил тод болгоход цогц, уялдаа холбоотой, хэрэгжүүлж болохуйц хандлага, энгийн хялбар арга барил шаардлагатай.

11. Төлбөр, орлогыг ил тод болгоход тухайн улсад олборлох үйлдвэрлэл эрхэлж буй бүхий л компани хамрагдах ёстой.

12. Хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэхэд бүхий л оролцогч талууд, тухайлбал Засгийн газар, түүний харьяа агентлагууд, олборлох үйлдвэрлэлийн компаниуд, үйлчилгээ үзүүлэгч компаниуд, олон талт байгууллага, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч болон төрийн бус байгууллагууд чухал бөгөөд өөрийн чадавхид нийцсэн хувь нэмэр оруулах бололцоотой.

ОҮИТБС- ын Шалгуурууд:

ОҮИТБС-ын шалгууруудыг 2005 оны 3 дугаар сард Лондон хотноо зохион байгуулагдсан ОҮИТБС-ын хоёрдугаар бага хурлаар хэлэлцэн тогтсон. Оролцогч улс орнууд ОҮИТБС-ыг амжилттай хэрэгжүүлж байгаад тооцогдоход эдгээр шалгуурыг биелүүлэх, боломжтой бол бүр давж биелүүлэх шаардлагатай.

1. Газрын тос, хий, уул уурхайн компаниуд Засгийн газарт төлсөн төлбөр, Засгийн газар дурдсан компаниудаас авсан материаллаг орлогоо олон нийтэд хүртээмжтэй, цогц, ойлгомжтой хэлбэрээр байнга мэдээлэх.

2. Энэхүү төлбөр, орлогод олон улсын стандартын дагуу хараат бус аудит хийгддэг байна.

3. Хараат бус, бие даасан алба төлбөр, орлогын мэдээллийг олон улсын аудитын стандартыг ашиглан нэгтгэх бөгөөд тайланд олж тодорхойлсон зөрүүг дүгнэлт, зөвлөмжийн хамт нь хэвлэн нийтэлж, ил болгоно.

4. Үүнд бүх компаниуд, түүний дотор төрийн өмчит компаниуд хамрагддаг байна.

5. Энэхүү Санаачлагын үйл явцыг төлөвлөх, хяналт үнэлгээ явуулах, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэхэд Иргэний нийгэм идэвхтэй оролцдог байна.

6. Тухайн улсын Засгийн газар энэхүү санаачлагыг санхүүгийн тогтвортой эх үүсвэрээр хангаж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах бөгөөд шаардлагатай бол ОУ- ын банк санхүүгийн байгууллагуудын дэмжлэг авч, хэмжиж болохуйц зорилт, хэрэгжүүлэх хугацааг бүрэн тодорхойлох, дутагдах чадавхид үнэлгээ хийх ажлыг үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан байна.

ОҮИТБС- ын ач холбогдол:

Газрын тос, хий, ашигт малтмал зэрэг байгалийн баялагаар арвин улс орнууд эдийн засгийн хөгжил, засаглалын хувьд хомс орнуудаасаа доогуур байх үзэгдэл түгээмэл байна.

Судлаачдын олж, тогтоосноор баялгаа цөөн хэдэн хүний хүрээнд, олон нийтийн хараа хяналтгүйгээр захиран зарцуулснаар эдийн засгийг хөгжүүлэх бус, харин ч авлига, ядуурал улам лавширч, эдийн засгийг сүйрүүлдэг байна. Мөн хаалттай, тодорхой бус засаглалаас үүдсэн улс төрийн тогтворгүй байдал нь хөрөнгө оруулалтад аюул занал учруулдаг нь илт юм. Иймд ил тод, хариуцлагатай байдлыг тогтвортой хэрэгжүүлснээр орлогыг буруу зарцуулснаас гарах сөрөг нөлөөллийг багасгаж, нийгмийн тогтвортой байдалд дэмжлэг болдог гэж үзэх болжээ.

Иймд ОҮИТБС-ыг хэрэгжүүлснээр улсын түвшинд бий болох ач холбогдол нь:

  • Засгийн газар нь ил тод байдлыг хөхүүлэн дэмждэгээ хөрөнгө оруулагч, олон улсын санхүүгийн байгууллагуудад нотлосноор хөрөнгө оруулалтын орчин сайжирж, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ.
  • Эдийн засаг, улс төрийн тогтвортой хөгжилд түлхэц болох хариуцлагатай байдал, сайн засаглалыг бэхжүүлнэ.
  • Газрын тос, хий, уул уурхайн салбарыг тойрсон аливаа зөрчил, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх бололцоотой болно.

Компани, хөрөнгө оруулагчийн түвшинд:

  • Улс төрийн болон нэр хүндтэй холбоотой үүсэх эрсдлийг бууруулна.
  • Томоохон хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалт явуулах бололцоотой болж, оруулсан хөрөнгийн өгөөж нь урт хугацаандаа найдвартай байх, нөгөө талаас тогтвортой байдлаас ихээхэн хамааралтай олборлох үйлдвэрлэлийн хувьд улс төрийн тогтворгүй байдлыг бууруулна.
  • Тухайн компанийн улсад төлсөн татвар, төлбөрийн хэмжээг ил тод болгосноор улс орны хөгжилд хир хувь нэмэр оруулж байгааг бодитоор харуулах таатай нөхцөл болно.

Ард, иргэд, иргэний нийгмийн түвшинд:

  • Ард түмний өмч болсон баялгаас олсон орлогоо төр, засаг нь хэрхэн зохицуулдаг талаар бодитой мэдээллийг олон нийтэд ил болгосноор төр, засгийг илүү хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Бодитой мэдээлэлд тулгуурлан олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлэх боломж олгоно.

Сэтгэгдэл

Төстэй мэдээлэл

"Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга"-ын зарчим, шалгуурууд, ач холбогдол

09 САРЫН 04

АШИГ ХҮРТЭГЧ ЭЗДИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭРХ ОҮИТБС-ЫН СТАНДАРТЫН ШААРДЛАГА

11 САРЫН 01

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга - стандартын шаардлага

01 САРЫН 05

Номын сан

Орон нутгийн хөгжлийн гэрээний зорилго, ач холбогдол

Байгалийн баялаг ихтэй улсууд дахь сангийн бодлого менежмент / Fiscal Management in Resource-Rich Countries

Уул уурхайн салбар дахь ус / Water in the mining sector

Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ (БОНСҮ)

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (2014 оны 5 дугаар сарын байдлаар)

Бидэнтэй холбогдох

Утас : 976-51-263963

И-мэйл : info@mrpam.gov.mn

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3 Засгийн газрын 12-р байр баруун жигүүр.